Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 6

2020-11-22
Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 6

Таны_автомашин_өвөлдөө_бэлэн_үү?

1. Автомашины хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30 хувийг гадагшлуулдаг. Харин хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүй явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн үндсэн шинж чанараа алдаж, улмаар хөргөлтийн систем бүрэн ажиллаж чадахгүйд хүрнэ. Тиймээс антифриз царцаж, хөлдвөл радиатор, хөдөлгүүрийн блок гэмтэх, хөдөлгүүр халах, усны памп эвдрэх зэрэг эрсдэлтэй.

2. Гараж болон дулаан зогсоолд байрлуулснаар автомашиныхаа будаг, өнгөлгөө хамгаалж, салхины шил цантаж мөстөх, радиаторт ус, шингэн орж хөлдөлт үүсэхээс сэргийлж чадна. Гараж ба дулаан зогсоол байхгүй бол автомашины хучлага хэрэглэхийг зөвлөе. Ингэхдээ хоёр талаар нь бүтээж болдог, нэг тал нь шар, улбар шар, неон ягаан гэх мэт хурц, тод өнгөтэйг сонгох нь зүгээр. Машины хучлага хүйтэн жавар, салхинаас хамгаалахаас гадна салхины шил цантахаас сэргийлэх болно.

3. Халаалтын систем хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах. Цонхны цан арилгагчийг бас шалгахаа мартуузай.

4. Шил арчигчийг шалгаж, урагдаж муудсан бол зайлшгүй солих хэрэгтэй. Шил арчигчийн шингэнийг ч мөн хүйтэнд тэсвэртэй хөлддөггүй шингэнээр солих нь зүйтэй.

5. Автомашины цахилгаан бол электрон тоноглолын системийг сайтар шалгах хэрэгтэй.

6. Сардаа нэг удаа дугуйн доторх даралтыг шалгаж байх нь чухал. Ялангуяа хүйтний улиралд дугуйн доторх агаарын хэм буурдаг тул даралт мөн багасдаг. Мэдээж хүйтний улиралд өвлийн дугуй, эсвэл дөрвөн улирлын дугуй хэрэглэх нь зохистой.

7. Аккумуляторын багтаамж хүйтний улиралд их хэмжээгээр буурдаг. Тиймээс мэргэжлийн газарт очиж, аккумулятороо механик аргаар шалгуулах нь зүйтэй. Өвлийн тэсгим хүйтэн үед машинаа дулаан гаражид байрлуулах нь аккумулятороо хамгаалах чухал арга юм. Түүнчлэн машиндаа холбогч утас авч явах нь зүйтэй.

8. Болзошгүй аюулаас сэргийлэх, яаралтай үед гал алдахгүйн тулд та дараах зүйлсийг автомашиндаа байнга авч явах нь зүйтэй.

-Гэрэл цацруулагч

-Гар чийдэн, баттерей

-Лаа, чүдэнз

-Хоёр шуудай элсийг машиныхаа тээшинд арын хоёр дугуйны харалдаа нэг нэгээр нь байрлуулна.

Энэ нь машинд даралт өгч, гулгалтаас сэргийлэхээс гадна өөдөө замд гулгааны улмаас дугуй хий эргэсэн үед хэрэг болно.

Жижиг хүрз

Мэдээж нөөц дугуй, гал унтраагч, эмийн сан гээд зайлшгүй байх ёстой багаж, хэрэгслээ авч яваарай