ЖОЛООЧ НАР “МОНГОЛ ДАХЬ СИРИ”-Д АМЬДАРЧ БАЙНА

2018-10-06
ЖОЛООЧ НАР “МОНГОЛ ДАХЬ СИРИ”-Д АМЬДАРЧ БАЙНА

Ухаа худаг” (Энержи ресурс ХХК), Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн эзэмшлийн Тавантолгой гэсэн гурван уурхайгаас нүүрс зөөвөрлөдөг 7000-9000 жолооч байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн тэдгээр жолооч нар ямар ч зохицуулалтгүй орчин нөхцөлд, маш хүндхэн буюу бидний нэгний хэлснээр "Монгол дахь Сири"-д амьдарч байна хэмээн Австралийн Күинсландын Их Сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав, Ж.Мэндээ нарын бичсэн нийтлэл “IndraStra” цахим хуудаст нийтлэгдсэнийг хүргье. 

Эдгээр жолоочдоос хэдхэн зуун нь л хөдөлмөр, эрүүл мэнд, тээврийн хууль, дүрэм стандартыг дагаж мөрддөг "Энержи Ресурс" болон бусад тээврийн компанид харъяалагддаг. Тэдний хувьд жил бүр эрүүл мэндийн үзлэг, бүх төрлийн даатгалд хамрагдаж, цалин, тэтгэмж авдаг. Мөн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо суманд амьдардаг зуугаад жолооч байна. Үлдсэн 6000-8000 (Хятадын эрэлтээс шалтгаалан өөрчлөгддөг) жолооч үнэндээ машиндаа амьдардаг ажээ. Эдгээр жолооч нарын 99 хувь нь өөрийн гэсэн ачааны автомашингүй. Тэд хөдөлмөрийн зохих гэрээ, эрх зүйн хамгаалалтгүйгээр хятад, монгол иргэдийн эзэмшлийн машинуудыг барьдаг.

Мэдээжийн хэрэг, тэд долоо хоногт 24 цагаар, долоон өдөр жолоо барина. Тэд Тавантолгойн гурван уурхайгаас нүүрс зөөвөрлөн Хятадын худалдан авагчид хүргэхдээ Хятад-Монголын хилийн дагуу 270 км зам туулдаг. Өнгөрсөн хугацаанд жолооч нар нүүрсийг шууд Хятадын талд нийлүүлдэг байсан бол эдүгээ хилийн боомт (Гашуун сухайт/Ганц мод боомт)-оос 20 км зайд байрлах Цагаан хадны гаалийн хяналтын бүсээр дамжиж байна.

Уул уурхайн компани болон худалдан авагчдын хувьд нүүрсээ тэнд буулгаж, дахин ачих нь утгагүй юм. Гэвч орон нутгийн эрх баригчид энэ бүсийг нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор нээжээ.

Жолооч нар урт буюу уртын - Хятадын хил хүртэл, уурхайгаас 270 км, уртын - Уурхайгаас Цагаан хадны гаалийн бүс хүртэл 170 км, богины - Цагаан хаднаас Хятадын хил хүртэл 20 км гэсэн гурван маршрутын аль нэгийг сонгоно. Жолооч нар говийн халуунд шороо тоостой замд, урт дараалалд ээлжээ хүлээн зогсдог ажилтай. Хүлээх хугацаа нь Хятадын гаалиас хичнээн ачааны машинд нэвтрэх зөвшөөрөл (өдөрт 500-600 ачааны машин) олгохоос шалтгаална. Жолооч уурхайгаас нүүрс авахын тулд 2-4 хоног, хил нэвтрэхийн тулд 12-15 хоног, буцахдаа 3-5 хоног тус тус зарцуулдаг.

Энд хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн нэг ч хууль тогтоомж хэрэгжихгүй байна. Орон нутгийн захиргаа, ялангуяа хууль сахиулах, цагдаа, байцаагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд (түүнээс гадна таксийн үйлчилгээ, гэр ресторан, биеэ үнэлэгчид гэх мэт) тэдгээр 7000-9000 түр оршин суугчид үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна Засгийн газрын агентлагууд (жишээлбэл, хил, гааль, мэргэжлийн хяналтын шалгалт, авто тээвэр)-ын төлөөлөл болон төрийн албан хаагчид ажилладаг ч тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Цагдаагийн байгууллага байгаа ч олон мянган жолооч ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж байна.

Уул уурхайн компаниудын нэгэн адил эдгээр жолооч нар орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулахыг хүснэ. Ачааны машины эзэмшигч нарт төлбөр төлдөг тул тэд даатгал, эрүүл мэнд, нийгмийн даатгал, жолоочийн даатгал төлөхгүй байхыг хичээдэг. Зарим хүн мөнгө олохын тулд боломжтой бүхий л арга (хууль бусаар хил нэвтрүүлэх зэрэг) эрэлхийлж байна. Гэхдээ энэ нь осол аваарьт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гана ачааны машины эзэд маш өндөр торгууль төлөхөд хүргэдэг.

Эрх баригчдын мэдээлснээр, 2016 онд 1500 зам тээврийн осол гарч, 8 хүн нас барсан бол 2017 онд гэхэд 1000 ослын улмаас 7 хүн нас баржээ. 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар, зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн нас барсан байна. Түүнд тоос шороотой, замын засвар, тэмдэглэгээ муу, туршлагагүй, хайхрамжгүй, согтуу жолооч, өдөрт 8-10 цаг ажиллаж ядарсан жолооч зэрэг олон шалтгаан орж байна.

Хамгийн чухал нь ажлын байрны нөхцөл байдал маш муу, эрүүл ахуйн хэрэгцээ шаардлага огт хангагдаагүй байна. Нийт 250 км үргэлжлэх тал хээр нутагт угаалгын өрөө, шүршүүр, амралтын газар байхгүй. Харин Хятадын талд амарч тухлах газар байдаг тул жолооч нар тэнд “сэргэж” авдаг аж.

Жолооч нарт тулгамдаж буй асуудал нь архидан согтуурах, зодолдох, биеэ үнэлэлт. Төрийн хууль хэрэгждэггүйгээс тус гурван асуудлын улмаас жолооч нарын ажлын орчин улам дордож байна. Бидэнтэй ярилцсан орон нутгийн болон хувийн эмч нарын ярьснаар, жолооч нарын дунд бэлгийн замаар дамжин халдварладаг (БЗХӨ) олон төрлийн халдварт өвчин тархжээ.

Дээрх байдлаас ангижрах хамгийн оновчтой шийдэл нь аль болох хурдан хугацаанд төмөр зам барих явдал юм. Одоогийн улс төрийн хэв маяг энэ чигээрээ үргэлжилвэл өөрчлөлт гарах магадлал тун бага.

Хятад, Монголын эзэмшигчдийн нүүрсний ачааны машинууд нүүрсийг байгаль орчинд ээлтэй бус замаар тээвэрлэж, Засгийн газарт татвар төлдөггүй. Гэвч жолооч нар өөрсдийн болон бусдын амьдралыг эрсдэлд оруулахыг хүсдэггүй. Төрийн албан хаагч тэнд “үнэ цэнгүй”. Нийт 270 км замын дагуух "дайны бүс"-ийн дүр зургийг хог хаягдал, хоосон кемп, автомашины эд ангийн үлдэгдэл зэргээс хялбархан төсөөлж болохоор.

Тавантолгой нь Засгийн газар, улс төрчдийн “зөгийн балтай сав”. Гэвч "Засгийн газраас энд анхаарлаа хандуулж, цагдаа, эрүүл мэнд, гааль, мэргэжлийн хяналт зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Мөн яам, агентлагуудын хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай байна. Төрийн өмчит (Эрдэнэс Тавантолгой) эсэхээс үл хамааран тээврийн компаниудтай гэрээ байгуулж, хөдөлмөр, эрүүл мэндийн стандартыг мөрдүүлэх ёстой.

Нүүрсний тээврийн машинуудад GPS суулгаснаар элдэв эрсдлээс сэргийлж чадах юм. Эцэст нь, татварын алба, хөдөлмөр (эрүүл мэнд), тээвэр хариуцсан байцаагчид тээвэрлэлтийн компаниудад хийх аудит, хяналт шалтгалтаа сайжруулах шаардлагатай. Нүүрсний 120 тээвэрлэлтийн компаний хувьд олон улсын тээврийн зөвшөөрөл (С, D) ил тод байдал, хариуцлага шаардагдана.

Тавантолгойгоос БНХАУ руу нүүрс тээвэрлэлт хийх чиглэл, боомтууд нээх шаардлагатай. Жишээ нь, олон хүн Тавантолгойгоос 400 км зайд байрлах Ханги боомтыг нээж өгөхийг санал болгож байна.