МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД АНХНЫ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ БАГА ОВРЫН АВТОМАШИН БҮТЭЭЖЭЭ

Портер машинд ойролцоогоор 20 мянган төгрөгт түлш хийхэд 100 км зам туулдаг аж. Харин энэхүү ахилгаан хөдөлгүүртэй бага оврын автомашиныг нэг удаа бүрэн цэнэглэхэд 100 км явах бөгөөд түгжрээнд зогсож байхад ямар ч цахилгаан зарцуулахгүй юм байна. Мөн нэг удаа бүрэн цэнэглээд 100 км явахад ердөө 1000 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж. Одоогоор бүтээсэн бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинуудыг турших ажил хийгдэж байгаа юм байна.
Уг машиныг борлуулалт, түгээлтийн компани болон хувь хүмүүс ч хэрэгцээндээ ашиглаж болохоор эдийн засгийн хэмнэлтэй. Учир нь 1000 кг ачааг 1000 төгрөгийн зардлаар 100 км зайд хүргэдгээс гадна агаар орчин бохирлуулахгүй, дуу чимээгүй, утаа ялгаруулдаггүй онцлогтой машин юм.
Цахилгаан портер
“Экон мотор” компанийн үүсгэн байгуулагч Б.Нямдэмбэрэлээс бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашиныг хэрхэн бүтээсэн талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин бүтээх санаа хэрхэн бий болж, хэзээнээс машинаа угсарч эхэлсэн бэ?
-Хуучин цахилгаан тээвэр компанийн троллейбусны үйлдвэр гэж байхад аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-ын зөвлөх инженер Д.Жаргалсайхан, МУ-ын зөвлөх инженер А.Цэцэгмаа нарын удирдлагад, JEA-800 цувралын троллейбуснуудын техникийн зураг, ачааллын тооцоолол, үйлдвэрлэх технологийн картууд бий болгох, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлууд гүйцэтгэхээс ажлын гараагаа эхэлж байлаа. 2013 онд нийслэлийн нийтийн тээврийн газрын захиалгаар Хүй долоон худаг- наадмын цогцолборт үйлчилгээнд ажиллах 12 хүний суудалтай, бүрэн цахилгаан машин үйлдвэрлэсэн. Тухайн үеэс уг зарчмаар бага оврын ачааны цахилгаан автомашин бүтээж болох юм гэсэн санаа төрж судалж эхэлсэн.
Монгол Улсад 110 мянга орчим 0.5-5 тонн хүртэл даацтай ачааны автомашин байдаг. Эдгээр машин хөө тортог, утаа их ялгаруулдаг. Ийм хуучин машинуудыг орлох автомашин хэрэгтэй гэж үзээд 2016 оны сүүлээр цахилгаан машин үйлдвэрлэх ажлаа эхэлсэн юм. Ер нь Монгол Улсад хөгжлийн шинэ гарц бий болгох автомашин үйлдвэрлэлийн салбар үүсэх, зах зээлийн багтаамж нь байна.
-Машиныхаа тоноглол, эд ангийг дотооддоо хийж байна уу. Эсвэл гаднын улсаас авч байгаа юу?
-Машины бүхээг, их бие, кабин зэргийг одоогийн байдлаар Монголдоо үйлдвэрлэж байна. Цаашид манай улс төмөрлөг боловсруулах үйлдвэрлэдэг болвол хэрэгцээгээ аль болох дотоодоосоо хангах болно.
-Танай машины туршилтын хугацаа хэзээ дуусч, ашиглалтад орох юм бэ?
-Монгол орныхоо эрс тэс уур амьсгал, орчин нөхцөлд бүрэн нийцсэн байхаас гадна хэрэглэгчийн итгэл, хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн болгохын тулд нэлээдгүй хугацаа, туршилт хэрэгтэй. Ирэх оны дундуур цахилгаан хөдөлгүүртэй бага оврын автомашины туршилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа.
-Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашин ашиглалтад ороод ирэхээр гаднын улсад экспортлох бодол бий юу?
-Манай улс анх 2009 онд өөрсдийн угсарч үйлдвэрлэсэн хоёр троллейбусаа Казахстан улс руу экспортолж, тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байсан. Цаашид олноор нь гаргах байсан ч тухайн үед Монгол Улс дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоонд элсээгүй, үйлдвэрлэсэн машиндаа арлын дугаар өгөх эрхгүй байсны улмаас зогссон байдаг.
Үүний дараа монгол инженерүүд өөрсдөө зохион бүтээлтээ хийдэг, зураг төслөө гаргадаг, үйлдвэрлэх технологио боловсруулдаг зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан учраас 2012 онд Монгол Улс автомашин үйлдвэрлэгчээр бүртгүүлж, АНУ-д төвтэй дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо, олон улсын авто инженерүүдийн холбооноос батламжаа авсан. Ингэснээр MU9-өөр эхэлсэн арлын дугаартай, монгол автомашин дэлхийн хаана ч зорчих боломжтой болсон юм. Тиймээс бид Казахстан, ОХУ-ын зах зээл цахилгаан машинаа гаргах талаар судалж, тэдэнтэй ярилцаж байгаа.