ӨНӨӨДӨР ХОЁР ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААНА

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал маргаашнаас эхлэн 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох юм. Хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн түргэн шуурхай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн байдлаар түр хязгаарлах аж.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ӨНДӨР ЗОХИЦУУЛАЛТЫГ ШААРДАЖ БАЙНА
Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Энэхүү хурал нь АСЕМ-тай дүйцэхүйц өндөр дээд хэмжээний уулзалт юм. Тэр хэмжээгээрээ замын хөдөлгөөний өндөр зохицуулалтыг шаардаж байна. Маргааш “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас “Шангри-Ла, Энхтайвны өргөн чөлөө, Асем Вилла хотхон, Төрийн ордны баруун,зүүн талын замууд ачаалалтай байх нь тодорхой. Одоогоор 40 гаруй орны зочид төлөөлөгчид ирсэн байгаа.
Зочид төлөөлөгчдийн хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаа ихэнх нь төвийн хэсгүүдээр явагдана. Цагдаагийн байгууллагын зүгээс замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар зогсоож, хаахгүй байх арга хэмжээг авч ажиллана. Хурлын үеэр үүсэх замын ачааллыг бууруулах зорилгоор Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана. Энэ үеэр иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зөв төлөвлөн зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна. Мөн замын хөдөлгөөний ачааллын талаар иргэдэд Авторадио 96,3 болон Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албаны цахим хуудсуудаар тогтмол мэдээллэнэ” гэв.