ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ НАЙМДУГААР САРД ДУУСАХ ЁСТОЙ.

2019-06-04
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ НАЙМДУГААР САРД ДУУСАХ ЁСТОЙ.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ЖИЛД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРДӨГ

Улаанбаатар хотын зам “там” байх үед нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл замын уулзваруудыг өргөтгөж, томсгохоос гадна ихэнхийг нь шинээр барьж сайжруулсан. Гэвч энэ бүтээн байгуулалтаас хойш улаанбаатар хотын замыг зөнд нь орхиж, сүүлийн 2-3 жилд шинэ зам барьсангүй. Хуучнаа ч арчилсангүй. Ингэснээр хотын зам буцаад л онгойсон нүх, овоолсон шороо болох шинж рүүгээ орж буйд иргэд бухимдах боллоо. Тиймээс Улаанбаатар хотын зам арчлалтыг энэ жил ямар хэмжээнд хийх талаар холбогдох газруудаас мэдээлэл авахыг зорилоо.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ онд хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт, тэмдэглэгээний ажлыг нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 30000 м2 талбайд хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай гүйцэтгэгчийн гэрээг байгуулан ажлаа эхлүүлээд байна. Өмнө жилүүдэд хөрөөний ажил буюу засвар хийх газруудыг ухсаны дараа нөхөөс хийж явдаг байсан бол энэ жилээс засвар хийх хэсгийг хөрөөдөж, хөрөөдсөн нүхийг шууд хуулж, зайлуулан хучилтын ажлыг хийж байгаагаараа онцлог” гэв.

Энэ онд замын засвар арчлалтыг 161 байршилд 30000 м2 талбайд хийнэ.

Тэд иргэдийг ая тухтай зорчуулахын тулд хөдөлгөөний эрчим багатай үед замыг хэсэгчлэн хааж, хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт, тэмдэглэгээний ажлыг шөнийн цагаар буюу 23.00-06.00 цагийн хооронд хийж байгаа аж. Харин энэ ажилд хичнээн төгрөг төсөвлөж, хэрхэн зарцуулж байгаагаа хэлсэнгүй. “Энэ жил хэдэн төгрөг төсөвлөсөн талаар хэлэх боломжгүй” хэмээн тас нуув. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодруулахад “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зам ашигласны төлбөр гэж жилд 30 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Авто замын урсгал засварыг хийхэд энэ мөнгө хүрэлцэхгүй бол нийслэл болон улсын төсвийн хөрөнгөнөөс авах боломжтой” хэмээн ярилаа.

Аливаа бүтээн байгуулалт, засварын ажлын төлөвлөгөө, өртөг зардал нь хавар тодорхой болсон байдаг. Гэтэл энэ зун нийслэлийн авто замуудыг засах ажилд хичнээн төгрөг төсөвлөснийг хэлэхгүй, нууж байгаагийн учрыг ойлгосонгүй.

Аргаа барахдаа өмнөх жилүүдийн жишгийг үзэхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын жилийн эцсийн тайланг нь шүүлээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-наас энэ оны наймдугаар сарын 15-ны хооронд зам барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай 8.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 27 гудамж талбайд хөрөө, нөхөөс, заадасны ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн гэж тус тайланд бичжээ.

“Манайх нийслэлийн Авто зам хөгжлийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний хүрээнд заадас буюу замын хагарал, эвдрэлийг засах ажил энэ сарын 20-нд, хотын гол болон туслах замын нөхөөсний ажил долдугаар сарын 1-нд, хороолол доторх нөхөөсний ажил наймдугаар сарын 15-нд дуусах ёстой. Манай байгууллага болон манайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 5-6 газар бий. Тэд зөвхөн нүхэн эвдрэлийг засах ажил хийдэг” хэмээн Улаанбаатар Зам засвар арчлалтын газрын Засвар ашиглалт, үйлчилгээний албаны дарга Б.Алгаа ярив. Тэгэхээр мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ онд хийхээр төлөвлөсөн авто замын урсгал засварын ажил наймдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой аж.