ЗАСГИЙН ГАЗАР: ХУВИАРАА ТАКСИНД ЯВЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХГҮЙ

2019-02-20
ЗАСГИЙН ГАЗАР: ХУВИАРАА ТАКСИНД ЯВЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХГҮЙ

Хувиараа таксинд явж буй иргэнийг 100,000 төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй гэж ЗГХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцон ажилласан тухай Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байсан юм.

Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтын дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж.

Засгийн газрын хурал үргэлжилж байна.