ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР Л БАЙХ УУ?

2018-10-08
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР Л БАЙХ УУ?

Энэ сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал,

  • АИ-95 2040 төгрөгөөс 2180 төгрөг
  • АИ-92 1830 төгрөгөөс 2010 төгрөг
  • АИ-80 1550 төгрөгөөс 1850 төгрөг

болж нэмэгдсэн гэх мэдээллийг зургаар баримтжуулан мэдээлсэн юм. Бид дээрх мэдээллийн мөрөөр сурвалжлага бэлтгэхээр Баянзүрх дүүрэг дэх зарим шатахуун түгээх станцуудаар орлоо. Өчигдөр орой 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайз зах дахь Шунхлай ШТС-д очиход үнийн самбар дахь үнээ бүгдийг арилгасан байв. Удахгүй самбар дахь үнээ өөрчилж бичихээр бэлтгэж буй бололтой. Бид тус ШТС-ийн ажилтнаас АИ 92 шатахуун ямар үнээр борлуулагдаж буй талаар тодруулахад 1825 төгрөгөөр зарж байгаа гэлээ. “Үнээ нэмэх үү” гэсэн асуултад уг ажилтан МЭДЭХГҮЙ гэсэн хариулт өгөв.

Бид цааш Их засаг их сургуулийн дэргэдэх “Магнай Трейд”, “Сод Монгол” ШТС-ууд АИ 92 шатахууныг 1830 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь нэмэгдээгүй үнийн дүн юм. Эдгээр ШТС-иудын зарим нь евро АИ 92 шатахууныхаа үнийг мөн тавиагүй харагдаж байлаа. Ажилчдаас нь шатахууны  үнэ нэмэгдэх үү гэж асуухад “Одоогоор үнэ нэмэгдэх мэдээлэл бидэнд ирээгүй байна” гэсэн хариулт өгч байв.

Ямартай ч хотын төвийн дүүргүүдэд шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа бол хотын захын хорооллуудын ШТС-ууд шатахууны үнээ нэмжээ. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх зам дагуу байрлах ШТС-ууд бүгд шатахууны үнээ нэмсэн байлаа. 

Налайх явах замд байрлах “Магнай Трейд” ШТС

  • АИ 98- 2280
  • АИ 95- 2150 буюу 110 төгрөгөөр
  • АИ 92-1910 буюу 70 төгрөгөөр
  • ДТ 2340-2250 буюу 100 төгрөгөөр тус тус нэмжээ.

Харин “Шунхлай” ШТС

  • АИ 95-2220 буюу 100 гаруй төгрөгөөр
  • АИ 92 -1895 буюу 80 орчим төгрөгөөр
  • АИ 80 – 1790  буюу 200 орчим төгрөгөөр

тус тус нэмсэн бол “Петровис” ШТС АИ-92 шатахууныг 1910 төгрөгөөр борлуулж байв. Монголчуудын нийтлэг хэрэглээний шатахуун буюу АИ 92 шатахуун хотын дүүргүүдийн байршлаас хамааран 70-90 төгрөгөөр нэмэгдсэн нь тодорхой байна.

2018 он гарснаас хойш гурав дахь удаагаа шатахууны үнийг нэмж буй нь энэ юм. Өмнөх хоёр удаагийн нэмэлтийг Цагаан сар болон Хүүхдийн баяраар тааруулж байв. Өөрөөр хэлбэл, монголчуудыг баяр ёслол гэж бужигнах хооронд шатахууны үнийг нэмж байсан бол энэ удаа амралтын өдрийг тааруулан шатахууны үнийг нэмжээ.

Шатахуун импортлогчид баяр ёслол, амралтын өдөр, шөнө дөлөөр шатахууны үнээ нэмдэг жишиг тогтжээ. Угтаа бол шатахууны үнийг ямар учраас нэмэх болсноо олон нийтэд тайлбарлаад нэмэх нь ёс зүйн хувьд ЗӨВ баймаар. Тэдний энэхүү гэтсэн үйлдлийг иргэд нэг хэсэгтээ зүхээд намждаг. 

Шатахуун импортлогч томоохон компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмэхдээ эхлээд хотын захын ШТС-уудаас эхэлдэг. Иргэдийн дунд шатахууны үнэ нэмэгдсэн, нэмэгдээгүй гэх дам яриа хэд хоногийн дотор албаар тарааж, нийгмийн сэтгэл зүйг бэлдсэнийхээ дараа нийтэд нь шатахууны үнээ нэмдэг нь тодорхой болсон билээ.

2016 онд 1660 төгрөгийн үнэтэй байсан АИ 92 шатахуун өнөөдөр 1910 төгрөг болтол нэмэгджээ. Энэ хүртэл шатахуун импортлогчид үнийн нэмэгдлийн асуудлаар нэг ч удаа урьдчилан мэдээлэл өгч байсангүй. Тэдэнд хэрэглэгчийн эрх ашиг юу ч биш. Тэд угаасаа л ийм.