АВТОБУСНУУДАД ТОРТОГ БАГАСГАХ ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-08-21
АВТОБУСНУУДАД ТОРТОГ БАГАСГАХ ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Монгол Улсад  тээврийн хэрэгслийн  тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн хэрээр автомашинаас ялгарч буй утаа агаарын бохирдлын 10 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж буй автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагдаж байдаг аж.  Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын  хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай байгуулсан санамж  бичгийн хүрээнд нийтийн зорчигч тээврийн их багтаамжийн автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулах DPF /diesel particulate filter/ шүүлтүүрийг суурилуулжээ.

Нийтийн зорчигч тээврийн гурван баазын тус бүр найман автобусанд буюу нийт их багтаамжийн 24 автобусанд суурилуулахаас өнөөдрийн байдлаар автобус гуравдугаар баазын найман автобусанд суурилуулаад дуусчээ. Нэг автобусанд гурван DPF шүүлтүүр  хэрэглэгддэг бөгөөд автобус шугамд бүтэн өдөр яваад ирэхэд шүүлтүүр нь хав хар өнгөтэй ирдэг аж. Бохирдсон шүүлтүүрийн  тортгийг цэвэрлэхийн тулд тусгай тортог шатаагч төхөөрөмжид хийж цаг гаруй хугацаанд цэвэрлэгддэг байна. Холбогдох байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2018.08.20/ автобус гуравдугаар бааз дээр ажиллаа.