АВТОМАШИНЫ ТОС, ТОСОЛГООНЫ ТУХАЙ

2018-08-15
АВТОМАШИНЫ ТОС, ТОСОЛГООНЫ ТУХАЙ

1. Хожим нь үнэтэй засвар хийлгэж хоёр дахин зардал гаргахгүйн тулд aвтомашины хөдөлгүүрийн тосыг хэрхэн сонгох вэ?

Одоо авто зах болоод худалдаанд тосны төрөл зүйл олон болжээ. Харин ямар тос хэрэглэх нь зөв вэ? Юуг сонгох юэ? Хуурамч, дууриалгасан тос хийж машинаа эвдэхгүй байх арга юу байна? Эдгээр асуултууд өвөл болж ид тосоо сольдог энэ үед жолооч бүрийн санааг зовоож байгаа нь мэдээж. Орчин үеийн машинд тос сонгохдоо анхаарах хамгийн чухал зүйлүүд:

Нэгд, зөвлөлгөө өгч байгаа найз нөхөд, худалдааныхны үгэнд орж тос сонгох нь буруу. Юуны өмнө өөрийнхөө автомашины ашиглалтын зааврыг сайн судлахаас эхлэх нь хамгийн зөв арга. Үйлдвэрлэгч өөрийн машины зохион бүтээлтийн онцлог, хөдөлгүүрийн халах хөрөх горим болон хамгийн гол нь заводын шалгалт сорилын туршлагыг харгалзан ямар тос хэрэглэхийг яг зааж өгсөн байдаг. Буруу тос хэрэглэсэн алдааны гай хэрэглэсэн тэр дороо илэрдэггүй онцлогтой. Хөдөлгүүрт хуримтлагдсан үлдэгдэл, хэт элэгдэл хорогдол, тахир гол сулрах, муфтууд жагсаалаас гарах зэрэг нь буруу сонгосон тос хэд хэдэн удаа хэрэглэсний дараа л мэдэгддэг. Гэтэл ихэнх хэрэглэгчид энэ нь буруу тос хэргэлэсний хор уршиг гэж ойлголгүй ерөөс муудаж байгаа юм байлгүй гэж  боддог.

Сүүлийн жилүүдэд гаргаж байгаа  хөдөлгүүр үйлдвэрлэгч олон компаниуд жилийн улирлаас үл хамааран зөвхөн нэг ангийн зуурамтгай чанартай тос, тухайлбал, 0W-20–ийг хэрэглэж болно гэж заасан байдаг. Чингэж үйлдвэрлэгчээс тогтоож өгсөн зуурамтгай чанараас дээш юм уу, доош заалттай тос хэрэглэх нь хөдөлгүүрийн эдэлгээг богиносгож, тосны угаарыг ихэсгэхийн дээр түлш зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тосны угаар нэмэгдэх болон түлшний зарцуулалт ихэсч байгааг мэдэх хялбар атал харин хөдөлгүүр элэгдэж, тосны үлдэгдэл нагар үүсч байгааг мэдрэх үед аль хэдийн асар их үнэтэй засвар хэрэгтэй болчихсон байдаг.

Toyota Land Cruiser 200 машины эзэнд тохиолдсон нэг жишээ хэлье.  

2012  онд үйлдвэрлэгдсэн 1UR-FE Dual VVT-i хөдөлгүүртэй Toyota Land Cruiser 200-г эзэмшигч маань “Би жийптэй юм чинь ийм шингэхэн масло хийлгэхгүй” хэмээгээд үйлдвэрлэгчээс зааж өгсөн 0W-20 тосны оронд 5W-30 масло хийжээ. Тос сольсны дараа удалгүй машиных нь эрч хүч муудаж эхэлснийг эзэн нь мэджээ. Аз болоход “буруу” тосыг удаан хэрэглээгүй байхдаа мэдэрсэн тулдаа VVT-I муфтаа жагсаалаас гарахаас аварч чаджээ. Тосоо асгаад  0W-20 тосоор сольсны дараа л машиных нь эрч хүч хэвийн байдалдаа орсон байна. Тэгээгүй бол ихээхэн үнэтэй засварт орохоос өөр аргагүй болох байж.

2. Машин бүр ямар тос хэрэглэх талаар өөр өөрийн гэсэн онцлог шаардлагатай байдаг.

20 зууны сүүл хэрд Японд үйлдвэрлэгдсэн автомашинууд илүү ардчилсан байлаа. Тэдний хувьд моторын тос нь жишээлбэл, Америкийн нефтийн хүрээлэнгийн категорит тохирсон «API SJ ба түүнээс дээш» гэсэн шаардлагыг зааж өгдөг байлаа.

Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж япон машины хөдөлгүүрийн зохион бүтээлт нарийсч, экологийн хэм хэмжээ чангарсантай холбоотойгоор шинэ үеийн автомашинуудын хэрэглэхэд тохиромжтой тосны хүрээ багасч байна. 2000 оны эхнээс эхлэн япон машины бензин хөдөлгүүрүүдэд моторын тосыг стандартчлах ба шалган сорих Олон улсын хорооны (ILSAC) шаардлагыг хангасан эрчим хүч хэмнэх тос ашиглах болов.

Японы оригиналь тосны ихэнх нь одоо үед чухам ийм болсон буюу GF-3-ийн ILSAC ангилалд тохирох болжээ. Гэхдээ тэдгээр тос нь европын автомашинуудад ашигладгаас нэлээд хэдэн ялгаатай юм. Тухайлбал, японы тосууд европын ихэнх тоснуудтай харьцуулахад хэт хялбарчилсан буюу “илүү шингэн” байдаг. Үүнийг харгалзан зах дээрээс европын машинд биш харин японы машинд зориулсан тос худалдан авах хэрэгтэй байна.

Нөгөө талаас, зарим хүмүүс тос хэр зэрэг орчин үеийнх байна, төдий чинээн сайн, тэр бүү хэл хуучин машинд ч хэрэглэж болно гэж боддог. Энэ буруу юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхэн үед зохиогдсон (үйлдвэрлэсэн он биш харин зохион бүтээсэн он шүү) хөдөлгүүрт энергийн хэмнэлттэй тосыг хэрэглэх нь харин ч угаарыг нэмэгдүүлж, хөдөлгүүр ачаалалтай ажиллах үед элэгдлийг өндөрсгөдөг талтай. Ер нь үйлдвэрлэгчийн зааж өгч байгаагаас өөр төрлийн тос хэрэглэн хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулах оролдлого харин бүр эсрэг үр дүнд хүргэх аюултай. Хэдийгээр тос сольсон даруй хөдөлгүүр “хүчтэй эргэлдэж”, “чимээ багатай ажиллах” болж буй мэт санагдах боловч элэгдэл нь илүү болдог. Тэгэхлээр моторын тосыг үйлдвэрлэгчийн санал болгосон дагуу сонгох нь зөв юм..

Хөдөлгүүрийн өөр өөр загварт өөр өөр ангиллын тос таарах учиртай ажээ.

3. Гэрээсээ гаралгүйгээр хөдөлгүүрийн тосны чанарыг хэрхэн тодорхойлох вэ?

Албан ёсны  зөвшөөрөл ба лицензийг эхлээд шалгаж үзэх хэрэгтэй. Моторын тос гээд одоо юу ч оруулж ирээд зарж болох байдалтай байна. Уул нь стандартад тохирсон байх ёстой юм л даа.

API лиценз байгаа эсэхийг  https://engineoil.api.org/Directory/EolcsSearch -ээр орж шалгаж үзэж болно. Машин үйлдвэрлэгчийн шалгалт сорилыг давж батлагдсан тосны жагсаалтыг шинэчлэж байгааг интернет дэх тусгай сайтад (жишээлбэл, http://bevo.mercedes-benz.com/bevolisten/bevo-blaetter-sort1.html) ороод үзэж болно.
Хэрэв тосны хайрцагт байгаа тосны зөвшөөрөл болон лицензи нь албан ёсны эх сурвалжийн жагсаалтад байхгүй байгаа бол энэ нь уг бүтээгдэхүүн ямар ч шалгалт сорил давж гараагүй бөгөөд энэ бичиг нь зөвхөн худалдааны арга гэдгийг харуулна. Тэгэхлээр энэ тос таны машинд яг тохирно гэсэн баталгаа байхгүй гэсэн үг. Эрсдэлээ өөрөө үүрэх бол ийм тосыг худалдан авч болох юм.

4.  Зөвшөөрөл нь тохирч байгаа эсэхийг яагаад шалгах ёстой болдог вэ? 
Зах зээл дээр үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөлгүй төдийгүй API-ийн лиценз байхгүй олон тоснуудыг зарж байдаг. Түүнээс гадна, ингэж “өөрөө өөрийгөө” зарласан тоснуудын хаяг лого дээр бүүр бие биенийгээ үгүйсгэсэн жишээлбэл,  ACEA C3 болон ILSAC GF-5 тэмдэг зэрэгцээд байж байх нь ч харагддаг. Ийм хуурамч тоснуудыг танихын тулд нэлээд бэлтгэл, мэдлэг хэрэгтэй. 

5.  Энэ бүх API, ACEA болон ILSAC-ийг ялган салгаж байх хүсэлгүй бол яахав?
Хэрэв танд таны машиныг ашиглах заавар байхгүй бас энэ бүхний нарийн учрыг олох хүсэл ч байхгүй, зав ч байхгүй бол яах вэ? Тэгвэл та авто сервист хандаж зөвлөлгөө авч болох юм. Эсвэл интернетэд орж зөвлөлгөө олж болно.

Түр зуур мөнгө болон цагаа хэмнэж байгаа чинь таны машины эрүүл мэндэд хортой тусч, дараа нь их өндөр үнэтэй засварт ороход хүргэх уршигтайг ямагт тосоо сонгоорой.

Тосыг цаг хугацаанд нь солиогүйгээс болон тосны чанараас үүдэн гарах үр дагаварууд